Thursday, September 19, 2013

Шүүгчийн туслах шүүгчээс дутуугүй хариуцлагатай байх ёстой.



Өөрийгөө манай уншигчдад товч танилцуулж яриагаа эхэлбэл ямар вэ?
Баярлалаа, тэгъе. Би Өмнөговь аймгийн Даланзадгад хотод төрж, өссөн. 2010 онд Монгол Улсын Их Сургуулийн Хууль Зүйн сургуулийг төгссөн. Шүүхэд ажиллаад 2 жил болж байна. Энэ хоёр жилийн хугацаанд ажилд багагүй суралцаж, ажлын амтыг мэдэрч эхэлж байна. Шүүхийн үйл ажиллагаа, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож байхдаа  Их сургуульд юуг сураагүй үлдээснээ ойлгож авч байна. /инээв/
Яагаад  шүүхийн байгууллагад, тэр тусмаа Захиргааны  хэргийн шүүхэд ажиллахаар сонгосон юм бэ?  
Их сургуулийн 3 дугаар дамжаанд байхаас эхлээд би хууль зүйн чиглэлээр суралцаж байгаа хүний хувьд ирээдүйд хэн байх, шүүгч, прокурор, өмгөөлөгч, хуулийн зөвлөх, цагдаа, эсхүл бүр улс төрч гэх зэргээр ямар чиглэлийг сонгож ажиллах тухай бодож эхэлсэн юм. Хэрвээ Ц.Цогт шүүгч манай сургуулийн багш байгаагүй бол мөн Нийслэлийн захиргааны хэргийн шүүхэд үйлдвэрлэлийн дадлагаа хийгээгүй бол би өнөөдөр өөр газар ажиллаж байх байсан болов уу. Гэхдээ би оюутны үйлдвэрлэлийн дадлагаа  хийж байсан тэр үед “шүүхийн байгууллага, шүүгчийн тухай” итгэл үнэмшил надад хүчтэй төрсөн юм. Тэгээд сургуулиа төгссөний дараа Нийслэлийн захиргааны хэргийн шүүхэд шүүгчийн туслахаар анх ажилд орсон.
Хүн ажил хийж мэргэшиж, дадлагажаад ирэхээр хийж буй ажлынхаа мөн чанарыг ойлгож эхэлдэг шүү дээ, Таны бодлоор шүүгчийн туслах гэдэг ажлын хамгийн гол зүйл-мөн чанар нь юу вэ.
Шүүгч шүүн таслах буюу хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хэрэгжүүлэгч. Харин шүүгчийн туслах шүүгчийн энэ ажилд тусалдаг. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг удирдана гэдэг нь өөрөө хэр хариуцлагатай ажил билээ уг ажилд тусалдагаараа шүүгчийн туслахын ажил мөн төдий чинээ хариуцлагатай.
Шүүхэд нэхэмжлэл ирээд шүүгч хэрэг үүсгэн, шүүгчийн туслах хэргийн оролцогч нарт түүнийг танилцуулж, улмаар хэрэгт нотлох баримт  хангалттай цугларч хэргийг шүүх хуралдаанаар шийдвэрлэх үе хүртэл хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хугацааны туршид шүүгч, туслах хоёр нягт анхааралтай ажилладаг ба түүний эцэст гарах шүүхийн  шийдвэр шүүгч, шүүгчийн туслах хоёрын хууль хэрэглэх, зөрчигдсөн эрхийг сэргээх “хамтын бүтээл” байдаг.
Тиймээс шүүгчийн туслах шүүгчээс дутуугүй хариуцлагатай байх ёстой. 
Шүүгчээс гарч байгаа захирамж, шүүхийн тогтоол зэрэг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны бусад баримт бичгийг тухайн хавтаст хэрэг гаргасан он цагаар нь дэс дараатай, эмхэтгэх зэргээр хуульд заасан журмын дагуу шүүгчийн удирдлага дор хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулах нь шүүгчийн туслахын үүрэг бөгөөд шүүгч энэ бүх техник ажиллагаанд оролцох боломжгүй. Гэтэл эдгээр ажлаа шүүгчийн туслах зохих журмын дагуу хийгээгүйгээс шүүхийн шийдвэр хүчингүй болох үндэслэл болдог. Иймээс шүүгчийн туслах шүүгчийн нэгэн адил алдаа гаргах эрхгүй, хариуцлага алдах ёсгүй, хэрэв алдаа гаргавал шүүгчийн ажил үр дүнгүй болохоос гадна хэргийн оролцогч нарт чирэгдэл учирдаг.
Тодорхой жишээ хэлбэл: Хэрэгт шүүх бүрэлдэхүүн томилох Шүүгчдийн зөвлөлгөөний тогтоол хавсаргаагүй мөн шийдвэрийг дутуу ёсчилсон зэрэг шалтгааны улмаас дээд шатны шүүх шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаадаг. Энэ тохиолдолд шүүгчдийн зөвлөлгөөний тогтоол хавсаргаагүй байх, шийдвэрийг дутуу ёсчлох зэрэг нь цэвэр туслахын ажлын хариуцлага боловч “шийдвэр хүчингүй болсон” гэсэн үзүүлэлт нь шүүгчийн ажлын үзүүлэлтэнд ордог.
Тэгэхээр миний ажлын хариуцлага, миний шүүгчийн ажлын үзүүлэлтэд шууд нөлөөлж байна. Өөрөөр хэлбэл туслахын ажилдаа хайхрамжгүй хандсаны улмаас хүлээх хариуцлагыг туслах өөрөө биш өөр бусад этгээд хүлээх болдог гэсэн үг юм.
Нөгөө талаас богино хугацаанд их ажлыг чанартай хийж гүйцэтгэх шаардлагатай болдог. Үнэхээр л ажлыг хийж дуусгаж байж л сэтгэл амардаг болчихдог юм байна.

За тэгвэл шүүгчийн туслах гэдэг ажлын хамгийн гоё үе нь юу вэ. Өөрөөр хэлбэл таатай мэдрэмж төрүүлдэг гэх үү дээ.

За энэ талаар урьд нь бодож байгаагүй юм байна. Их сонин юм шиг хэрнээ гоё асуулт байна. /инээв/ Магадгүй хүн болгон өөр өөрөөр хариулах байх. Гэхдээ миний бодлоор шүүх хуралдааны тэмдэглэл бичдэг байхад тэмдэглэлээ бичиж дуусгаад чихнээсээ чихэвчээ авах үе, магадлалын төсөл боловсруулж дуусгаад шүүгч нараар ёсчлуулаад ширээн дээрээ тавих, бас хэргийг үдэж янзлаад анхан шатны шүүхрүү буцаахаар мэдээлэл лавлагааны ажилтанд шилжүүлж өгөх тэр мөчүүд бол хамгийн “кайфтай” байдаг. Ёстой инээдтэй асуулт байна шүү. /инээв/

Та “их ажил”ын тухай ярьж байна. Танд чөлөөт цаг гэж гардаг уу, чөлөөт цагаараа юу хийдэг вэ.

Би таны энэ асуултанд “өөрийн албан ажлаа заавал хийх ёстой үүрэг” харин “чөлөөт цагаараа хийдэг зүйлээс сэтгэл ханамжийг мэдэрдэг” гэсэн санаа байна гэж ойлгож болох уу

Магадгүй, гэхдээ таны хариултыг сонсъе.

Ажлаасаа аз жаргалыг мэдрэхгүй бол амжилтын тухай бодоод ч хэрэггүй гэдэг шүү дээ, тухайн ажлыг хийж байхдаа сэтгэл ханамжийг мэдрэхгүй нэг л сэтгэл дундуур байдаг бол өөр сонголтын тухай бодох хэрэгтэй байх. Харин эсрэгээр нь хийж буй ажлаасаа сэтгэл ханамжийг мэдэрдэг, хийж буй ажилдаа сэтгэл дүүрэн байдаг бол та өөрөө ч мэдээгүй байхад “амжилт” дэргэд чинь ирчихсэн тантай “сайн уу” гэж мэндчилээд зогсож байдаг. Өөрөөр хэлбэл хийж буй ажилдаа чин сэтгэлээсээ хандаж, үр дүн гаргаснаар сэтгэл ханамж бий болох байх. Тиймээс ч орой гэрлүүгээ яарч харьдаг, өглөө ажилдаа дуртай ирдэг хүнийг аз жаргалтай хүн гэж тодорхойлдог шүү дээ.

Шинээр багц хуулиуд батлагдан гарч шүүхийн шинэчлэлийн талаар их ярих болсон.  Шүүхийн байгууллагад, тэр тусмаа шүүхийн гал тогоонд ажиллаж байгаа хүний  хувьд шүүх ямар болоосой, хэрхэн  өөрчлөгдөөсэй гэж хүсдэг вэ?
Миний хувьд шүүхийн шинэчлэл мэдрэгдэж эхэлж байна. Жишээ нь урьд нь шүүгчийн туслахыг “шүүгчийн туслах бөгөөд шүүх хуралдааны нарийн бичгийн дарга” гэж нэрлэдэг байсан. Харин одоо энэ хоёр чиг үүргийг салгаад шүүгчийн туслах шүүх хуралдаанд орж тэмдэглэл хөтлөхгүй болсон. Тэмдэглэл бичихэд шүүгчийн туслахын ажлын цагийн 60 хувь нь зарцуулагддаг байсан бол одоо энэ хугацаа хэргийн агуулга руу орж судалгаа хийхэд зарцуулагдана гэсэн үг. Энэ нь шүүгчийн туслахын ажлын цагийн ихэнх нь техникийн шинжтэй ажилд зарцуулагддаг байсан бол одоо “шүүгчийн туслах” гэхээс илүү “туслах шүүгч” гэдэг агуулга руу орж байна.
Өрөөр хэлбэл энэ өөрчлөлтийн цаана  хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны чанар сайжрах, шүүгчийн ажлын чанар, үзүүлэлт нэмэгдэх, шүүгчийн туслах илүү туршлагажих зэрэг сайн үр дагавар бий болно гэж би харж байна.
Мөн олон жил ажилласан шүүгч нар “намайг туслах байхад тэмдэглэлийг гараар хөтөлдөг байсан, миний авдаг байсан цалин та нарынхаас хэд дахин бага байсан” гэх зэргээр өнөөдөр өчигдрөөс илүү болсон тухай ярьдаг. Би ч бас үргэлжлүүлэн маргааш нь өнөөдрөөс бүр ч илүү сайхан болно гэж итгэдэг.
Нэн ялангуяа залуучууд “шинэчлэл”, “байгууллагын ажлын үр дүн, амжилт” зэрэг нь зөвхөн байгууллагын удирдлагын асуудал гэхээс илүү өөрсдөө байгаа байгаа газартаа “шинийг санаачлагч, хэрэгжүүлэгч байгаасай”, мөн их хүсэл мөрөөдөл, амбицтай байгаасай гэж боддог. Хүүхэд үргэлж дээшээ тэмүүлдэгтэй өндөр болдог шиг хүсэл мөрөөдөл хүнийг зорьсон газарт нь хүргэж өгдөг гэж бодож байна.

Хамт олон болон хүндэтгэн явдаг хүмүүсийнхээ  талаар манай уншигчдад сонирхуулбал ямар вэ?
Манай хамт олон, манай шүүх байгуулагдаад 1 жил хагас болж байна. Энэ хугацаанд манай шүүх ШЕЗ-өөс баталсан “шинэ шүүх-шинэчлэгдсэн шүүгч” эрх зүйн соёлын аяны хүрээнд нийт шүүхүүдийн төлөвлөсөн ажил, явуулсан шинэлэг үйл ажиллагаа, түүний үр дүнгээр манай шүүх тэргүүн байр эзэлсэн. Энэ нь манай шүүхийг шинэхэн байгуулагдсан гэдэг агуулгаар биш байгуулагдаад богино хугацаанд “хэрэг автоматаар хуваарилах програм, захиргааны хэргийг давж заалдах журмаар хянах ажилбаруудын жагсаалт” зэрэг шинэлэг зүйлүүдийг санаачилж, амжилттай хэрэгжүүлсэн учраас дээрх шагналыг өгсөн болов уу гэж бодож байна.
 Тиймээс цаашдаа ч манай шүүх, шүүхийн байгууллага дотроо олон ач холбогдол бүхий шинэ зүйлсийг санаачлагч, хэрэгжүүлэгч хамт олон байна гэдэгт итгэж байна.
За мэдээж хүндэлж явдаг хүмүүс байдаг. Гэхдээ хүндэлдэг гээд бүгдийг нь дагана, дуурайна гэсэн үг биш, сайнаас нь илүү сайн болох ёстой байх.
Та гоё нүдний шил зүүжээ, та хараа муутай учраас энэ шилийг зүүсэн юм уу, эсхүл “имидж” үү.
Имидж бишээ хараа муудаж байгаа нь өөрт илт мэдрэгдээд байгаа учраас хараагаа муудахаас хамгаалах зорилготой шил зүүсэн юм. Гэхдээ имидж байлаа ч гээд муу зүйл биш шүү дээ. Яагаад вэ гэхээр энэ шил надад зохиж байгаа гэхээс илүү би буйр суурьтай харагдаж байгаа байх, өөрөөр хэлбэл би төрийн албанд ажилладаг хүний хувьд бас өдөр тутам хэргийн оролцогч нартай харилцаж байдгийн хувьд шүүхээр үйлчлүүлж буй иргэдийг хүндэтгэж аль болох ажил хэрэгч байдлаар хувцаслаж, тэдэнтэй зөв найрсаг харилцаж, итгэл төрүүлэхүйц байхыг хүсдэг. Бусдаар би өөрийн биеийн эвтэйхэн байдлаа бодвол жинсэн өмд, фудволк өмсөөд сууж баймаар байна шүү дээ. Энэ нь ганц миний ч асуудал биш шүүхийн үйлчилгээг иргэдэд сэтгэл ханамжтай байдлаар хүргэхэд гол агуулга нь оршиж байгаа юм. Өмссөн зүүснээсээ эхлэн харилцаагаараа үргэлжлүүлээд шүүхээр үйлчлүүлж буй иргэдэд бид илүү хүндэтгэлтэй хандах ёстой.
Манай шударга ёсны хэмжүүр сэтгүүлийг  хэр уншдаг вэ? Манай сэтгүүлээс ийм л зүйлийг уншмаар, үзмээр байна гэж хүлээдэг зүйл бий юу?
Гарсан дугаар бүрийг нь уншдаг. Ялангуяа салбар эрх зүйн буланд тавьсан нийтлэлүүдийг их уншдаг. Бас сэтгүүлийн ард хэвлэгддэг зурагнууд маш их таалагддаг.
Манай урилгыг хүлээн авч ярилцсанд  баярлалаа, таны цаашдын ажил үйлс, амьдралд чинь улам их амжилтыг сэтгүүлийн зөвлөл болон нийт уншигчдынхаа зүгээс хүсэн ерөөе.  
Баярлалаа, та бүхэнд ч бас амжилт хүсье. 

2012.09 сар
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн
Ерөнхий шүүгчийн туслах Ж.ДАВААСҮРЭН

Нийслэлийн шүүхийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй
харилцах асуудал хариуцсан мэргэжилтэн
О.ОДГЭРЭЛ /”Шударга ёсны хэмжүүр” сэтгүүлийн редакци/


No comments:

Post a Comment