Monday, September 16, 2013

Шүүхийн захиргааг удирдахад хэргийн хөдөлгөөний менежментийн үүрэг, ач холбогдол



      Шүүхэд нэхэмжлэл ирсэнээр хэргийн хөдөлгөөн (менежмент)-ийг эхлүүлэх үндэслэл болох ба улмаар хэрэг үүсгэх, хариуцагчид нэхэмжлэлийн хувийг гардуулах, хэргийн оролцогч нарт эрх, үүрэг тайлбарлах, шүүхээс нотлох баримт цуглуулах[1]зэргээр хэргийн хөдөлгөөн үргэлжилдэг. 
          Энэхүү хэргийн хөдөлгөөнийг зөв, хурдан шуурхай, амжилттай зохион байгуулах хөгжингүй зохицуулалтыг бий болгосноор нэг талаас хэргийн оролцогчдын шүүхэд мэдүүлэх, шүүх хуралдаанд биечлэн оролцох, зөрчигдсөн эрхээ шүүхээр хамгаалуулах эрхийг бүрэн дүүрэн хангах боломжтой ба нөгөө талаас шүүх нь төрийн байгууллага болохын хувьд үр ашиггүй төсвийн зардлыг хэмнэх юм.
           Хэрэг үүсгэснээс хойш анхан  шатны шүүхийн хувьд хуулиар тогтоосон тодорхой хугацааны дотор хэргийг шийдвэрлэх ёстой боловч нотлох баримт цуглуулах, шаардлагатай оролцогч шүүх хуралдаанд ирээгүй зэрэг шалтгаанаас үүдэн заасан хугацаанд хэрэг шийдвэрлэгдэхгүй байх, эсхүл дээд шатны шүүхээс шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааснаар зарим тохиолдолд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа /анхан шатны, давж заалдах шатны, хяналтын шатны/ 1, 2 жил дамнан үргэлжилдэг байна.
     Дээрх нөхцөл байдал нь хэргийн оролцогч нар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцохоос залхаж, шүүхийн дуудсанаар хүрэлцэн ирэхгүй байх, олон нийтийн дунд шүүхийн нэр хүнд унах, хүнд суртал, авлигалын хөрс бий болох, олон удаа шүүх хурал товлон зарлаж, хойшилсноор төсвийн зардал нэмэгдэх зэрэг сөрөг үр дагаварт хүргэж байна.
Хэргийн хөдөлгөөний менежментийн зорилго нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг богино хугацаанд, зардал багатай, хэргийн оролцогчдын эрхийг бүрэн хангасан байдлаар үргэлжүүлэх зөв шийдлийг олох бөгөөд хэргийн хөдөлгөөний менежментийг хөгжлийн түвшингээр нь (1) уламжлалт, (2) идэвхгүй, (3) идэвхтэй, (4) онцгой  хэргийн менежмент гэж ангилсан байна.
Бүх хэрэгт адил процедур, ижил хугацаатай, шүүх хуралдаан болох хүртэл тухайн хэргийн талаар ямар ч мэдээлэл байдаггүй, бэлтгэл хангагдаагүйгээс шүүх хуралдаан олон удаа хойшилдог, шийдвэрлэгдээгүй үлдэгдэл хэргийн тоо өндөр байдаг зэргээс үзэхэд Монгол Улсын шүүхийн хэргийн хөдөлгөөний менежмент нь “уламжлалт” гэсэн ангилалд хамаарах юм.
Эрүүгийн хэрэг, иргэний хэрэг, захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг зохицуулсан хуулиар хэргийн хүнд хөнгөн, үйл баримтын маргаантай байдал, нэхэмжлэлийн үнийн дүн зэрэг “онцлог нөхцөл”-ийг харгалзан хэрэг бүрийн шийдвэрлэх хугацааг ялгамжтай тогтоож болно.
Тухайлбал, Захиргааны хэргийн шүүхээр хянан шийдвэрлэгддэг төрийн албаны маргаан, ашигт малтмалын маргааны дийлэнх хэсэг нь үйл баримтын хувьд хоорондоо төстэй, маргааны нөхцөл нь харьцангуй хялбар байдгаас эдгээр хэргүүдийг шийдвэрлэх хугацааг богиносгон тогтоох боломжтой.
Мөн хэргийн хөдөлгөөний менежментийг ганц хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хугацаатай холбон ойлгож болохгүй ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг удаашруулж байгаа шалтгааныг тогтоох, шүүхийн ажилтны чиг үүргийг богино хугацаанд чанартай гүйцэтгүүлэх арга техникийг бий болгох, зарим чиг үүргийг цахим хэлбэрт шилжүүлэх зэрэг хэрэг хянан шийдвэлэх ажиллагааг боловсронгуй болгох үндэслэлийг судалдаг учраас түүний ач холбогдол өндөр юм.
Монгол Улсын шүүхийн захиргааны хувьд хэргийн хөдөлгөөний менежментийн төрлүүдээс “онцгой хэргийн менежмент”-ийг сонгон авч, өөрийн онцлогт тохируулан хэрэгжүүлэх нь зүйтэй бөгөөд энэ нь “...  тухайн хэргийн онцлогыг харгалзан цаг хугацааг үндэслэн хэргийг төрлөөр ангилж, нэг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны дотор хэдэн хэдэн  “хэрэг шийдвэрлэх шуурхай процедур”-ыг бий болгож, тухайн төрөлд ямар хэрэг орох шалгуурыг тогтоох” агуулгатай юм.
Үүнээс үүдэн Эрүүгийн хэрэг, иргэний хэрэг, захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг бүхэлд нь өөрчлөх гэхээс илүү “хэрэг хянан шийдвэр ажиллагаан дахь “хүндрэлтэй нөхцөл байдал”-ыг илрүүлж, түүнд “онцгой хэргийн менежмент”-ээс авч хэрэгжүүлэх замаар Монгол Улсын шүүхийн хэргийн хөдөлгөөний менежментийг богино хугацаанд илүү дэвшилд хүргэх боломжтой.
Ийнхүү дээрх өөрчлөлтийг бий болгоход “шүүхийн ажилчид бүх хэргүүд адилхан хадгалагдахгүй бөгөөд өөр өөр үйл ажиллагаа менежменттэй байх ёстой гэдгийг хүлээн зөвшөөрөх, мэдээлэл технелогийн дэвшил, ур чадвар” зэрэг урьдчилсан нөхцөл бүрдсэн байх шаардлагатай билээ.
           Өнөөдийн сонины 2013.09.16-ны өдрийн дугаарт хэвлэгдсэн. (А3)

[1] Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн хувьд
Caseflow management-Poliy research, Марк Пэннини

No comments:

Post a Comment