Thursday, February 14, 2019

ГИТЛЕР ЯАГААД ХИМИЙН ЗЭВСЭГ ХЭРЭГЛЭЭГҮЙ ВЭ ?



 Нацистууд дэлхийн II-р дайны үеэр “сарин” гэх хорт бодис болон бусад төрлийн  химийн хорт бодисыг гарган авч, бөөнөөр хорих лагерь дахь хорт хийн өрөөнд олон сая хүмүүсийг хордуулан устгаж байсан хэдий ч Адольф Гитлер дайсны цэргийн эсрэг үхлийн  хорт бодис хэрэглэхээс татгалзсан юм.
Мэдээж дэлхийн II-р дайны үеэр тэрээр “сарин”-ыг хэрэглэх боломжтой байсан бөгөөд Нацистууд дээрх бодисыг санамсаргүйгээр гарган авчээ. 1938 оны сүүлээр эрдэмтэн Герхард Шрайдер Германы жимсний аж ахуй болон тариалангийн талбайд нэлээд хохирол учруулаад байсан шавьжийг устгах зорилгоор  хямд өртөг бүхий шавьжны хор бүтээх даалгавар авсан байна. Тэрээр цианидийг фосфортой урвалд оруулах замаар нэгэн төрлийн хорыг гарган авсан боловч энэ нь анх төлөвлөсөн бодисоос илүү хортой, газар тариаланд хэрэглэхэд тохиромжгүй байсан аж.
Тухайн үед Шрайдер нь “Фарбен” эм, химийн үйлдвэрт ажилладаг байсан бөгөөд үйлдвэрийн удирдлагууд түүний нээлтийг Германы армид мэдэгдсэн байна.  Уг хорт бодис нь  армийн эрдэмтдийн сонирхлыг нэлээдгүй татсан тул түүнийг шингэн төлөвт оруулж Герман хэлний “taboo” буюу хориотой гэсэн үгнээс санаа аван “tabun” гэж нэрлэжээ.
Шрайдер дахин судалгаагаа эхлүүлэн  “гарын алга урвуулах” төдийд илүү их хортой шинэ бодисыг гарган авч, түүнийгээ “сарин” гэж нэрлэсэн ба уг нэр нь тухайн бодисыг бүтээхэд оролцсон дөрвөн эрдэмтдийн нэрийг агуулсан утгатай ажээ.


 Adolf Hitler reviewing troops at a Nazi rally. (Credit: Hulton archive/Getty Images)




Нацист Герман Дэлхийн 2-р дайны төгсгөл үед олон сая хүнийг устгахад хангалттай хүрэлцэхүйц 12 мянган тонн үхлийн хорт бодис үйлдвэрлэсэн байсан ч Гитлер өндөр албан тушаалын офицеруудынхаа ятгалганд автаж  дайсныхаа эсрэг “сарин”-ийг химийн зэвсэг болгон ашиглахыг зөвшөөрөөгүй.
 Вашингтон пост сонинд нийтэлснээр зарим түүхчид түүний энэхүү “татгалзал”-ийг дэлхийн 1-р дайны үед  цэрэг байх үедээ олж авсан дурсамжтай нь холбоотой хэмээн тайлбарладаг. 1915 оны 4 дүгээр сард Юпрес хотын төлөөх хоёрдахь тулааны үеэр Германчууд Францийн цэргийн эсрэг анх удаа хлорийн хий хэрэглэсэн юм. Улмаар Британи болон Франц улс мөн хлорийн болон мустардын  хийгээр  хариу барьснаар химийн дайны аймшигт харгислалыг улам дэвэргэсэн байна.  
Нацистын удирдагчийн намтарт дурдсанаар, түүхч Иан Кэршав 1918 оны 10 дугаар сарын 13-ны өдрөөс 14-нд шилжих шөнө Юпрес хотын ойролцоо “мустарт” хорт хийн довтолгоонд өртсөн Гитлерийн түүхийг ийнхүү бичжээ: “Гитлер хэсэг нөхдийн хамт  хорт хийн довтолгоонд өртөж сохорсон бөгөөд бие биенээсээ чангаар зууралдан зовж тарчилсан бусдыгаа бодвол орчин тойрноо чадан ядан харах нэгнийхээ араас даган нуувчаас гарах нь тэдгээр цэрэг эрсийн хувьд хамгийн аюулгүй арга байв”.
Довтолгооны дараа Гитлер Флиндерсээс Померани хотын Цэргийн эмнэлэгт хүргэгдсэн бөгөөд удахгүй Герман улс дайнд бууж өгсөн тухай гутамшигт мэдээг сонссон байна.


Adolf Hitler dressed in his field uniform during World WarI. (Credit: Hulton Archive/Getty Images)




Гитлер тулалдааны талбарт хорт хий хэрэглэхээс татгалзаж байсан нь “ёс суртахуун”-ы үүднээс хэмээн тайлбарлаж болох хэдий ч Нацистууд циклон Б болон бусад химийн бодис ашиглан олон сая хүнийг хорт хийн өрөөнд зохион байгуулалтай устгаж байсантай нь илт зөрчилдөнө.
Дэлхийн 1-р дайнаас хойш 20 жилийн дараа холбоотнуудын эсрэг “сарин” хэрэглэхээс татгалзахад хүргэсэн гол шалтгааныг Гитлерийн дайны үеийн дээрх дурсамжтай нь холбоотой гэх хөдөлбөргүй үнэн, түүхэн нотолгоо огт байхгүй. Гэхдээ өөр бусад олон үндэслэлээр тайлбарлаж болох юм. Танкийн гэнэтийн дайралт,  бөмбөгдөлтийн дараах явган цэргийн довтолгоо зэргээс бүрдсэн Германы “Цахилгаан дайны стратеги” нь  маш амжилттай хэрэгжсэн.
Хэрвээ тэдгээр бөмбөгдөгч онгоцнууд “сарин” эсхүл өөр төрлийн химийн зэвсэг хэрэглэсэн бол тэд өөрсдийн явган цэргийн дайран эзлэх газар орчныг “хордуулчих” байсан.  Магадгүй илүү чухал зүйл бол тэрээр химийн зэвсэг хэрэглэвэл түүний дайснууд мөн адил химийн зэвсэг хэрэглэнэ гэдгийг  гарцаагүй мэдэж байсан. Тухайлбал, Английн Ерөнхий сайд Уинстон Черчилль дайныг хурдан дуусгахын тулд химийн зэвсэг хэрэглэхийг нэлээдгүй дэмждэг байв. Тэрээр Британы дайны хорооны Нарийн бичгийн даргаар ажиллаж байхдаа буюу 1919 онд “Би химийн зэвсэг гэхээр дургүйцдэг хүмүүсийг ойлгодоггүй юм. Заавал үхлийн хортой хийг ашиглах шаардлагагүй, хорт хийг их хэмжээний, өргөн цар хүрээнд дайсанд таагүй нөхцөл байдал үүсгэх үүднээс хэрэглэх, түүний хор нөлөө хүчтэй биш, удаан хугацаанд хадгалагдахгүй байж болох зорилгоор хэрэглэж болно” хэмээн өөрийн дурдатгалдаа бичжээ.






Sir Winston Churchill




Мөн Черчилль: “дайн хийхэд үхлийн бус химийн зэвсэг хэрэглэх нь илүү хүмүүнлэг арга” гэж үздэг байсан талаар түүхч Ричард Лэнгворд онцлон дурджээ. Тухайн цаг үед бичигдсэн өөр нэг албаны эх сурвалжид тэмдэглэснээр,  Черчилль “Хий бол өндөр хүчин чадалтай дэлбэрэх бодисоос илүү энэрэнгүй зэвсэг бөгөөд өөр бусад зэвсэг хэрэглэснээс илүү олон хүнийг амьд үлдээх боломжтой” хэмээн маргаж, дайны туршид химийн зэвсэг хэрэглэхэд бэлэн байсан ч  гагцхүү дайсан түрүүлж химийн довтолгоо эхлүүлэхийг хүлээж байжээ.
1943 оны 2 дугаар сард Германчууд Оросуудын эсрэг химийн зэвсэг хэрэглэж болзошгүй тухай мэдээллийг Лондон хүлээн авсан бөгөөд Черчилль тэр даруй Удирдлагын хорооны гишүүддээ хандаж, “Хэрэв Германчууд Оросуудын эсрэг химийн зэвсэг хэрэглэсэн тохиолдолд Бид Германы хотуудын дээрээс өргөн далайцтай хийн бороо оруулж хариу барих хэрэгтэй” хэмээн бичсэн байна.
            Эцэст нь ямар ч шалтгаантай байсан, Нацистийн үйлдвэрүүд химийн хорт бодис их хэмжээгээр нөөцөлсөн байсан ч, мөн дайны нөхцөл байдал Германы эсрэг эргэсэн хэдий ч Гитлер дайсны цэргийн эсрэг химийн зэвсэг хэрэглээгүй юм.