Monday, October 14, 2013

Хэн шүүгч болох вэ



Шударга ёс бол шүүгчид илүү хамаатай ойлголт, “хууль ёс, хүний эрх, эрх чөлөө,  эрх зүйт төр”-ийн баталгаа нь бие даасан шүүх, хараат бус шүүгч байдаг.
Шударга ёсны мэдрэмжтэй, хууль, эрх зүйн нарийн мэдлэг, боловсролтой, шүүгчид байх сэтгэл зүйн хэв шинжийг (judicial temperament) өөртөө агуулсан, шүүгчийн ёс зүйг албаны хүрээнд болон бүхий л амьдралдаа дагаж мөрдөж чадах тийм л хүн шүүх эрх мэдлийг хараат бусаар хэрэгжүүлж, хэрэг, маргааныг хууль болоод өөрийн дотоод итгэл үнэмшилд үндэслэн шийдвэрлэж чадна.
Тиймээс Монгол Улсын хувьд “шүүгчид тавигдах шаардлага бүрэн хангагдсан хүн”-ийг хуульчдаас шилж сонгон шүүгчээр томилуулах арга, ажиллагааг нийгмийн хөгжлийн шаардлагад нийцүүлэн  шинэчлэн боловсруулж ирсэн.

 2002 оны Шүүхийн тухай хууль[1] болон “Монгол Улсын шүүхийн шүүгч, Ерөнхий шүүгчид нэр дэвшигчийг сонгон шалгаруулах журам[2]-д “шүүгчид тавигдах шаардлагыг нарийвчлан тодорхойлоогүй”, сонгон шалгаруулах ажиллагаа нь “ур чадвар, мэдлэг туршлагатай  хуульчдаас шүүгч”-ийг шилж, сонгох гэхээс илүү “ханцуй доторх ноотой наймаа”-нд үндэслэгддэг байсан.
Тодруулбал: Шүүгч, прокурор, өмгөөлөгчөөр ажиллаж байгаагүй, ядаж хуулийн сургуульд нэг ч цаг хичээл зааж байгаагүй этгээд давж заалдах шатны болон Улсын Дээд шүүхийн шүүгчээр томилогдож, үүний үр дүнд салбар эрх зүйн чиглэлээр мэргэшсэн байх зарчим алдагдан, олон жил шүүгчээр ажилласан шүүгчийн шийдвэрийг огт шүүн таслах ажлын туршлагагүй нэгэн хянах болдог ба шүүгчийг сонгох шалгуур үзүүлэлт нь “эрх зүйн мэдлэгийн түвшинг тогтооход чиглэсэн бичгийн шалгалт, ажил хэргийн чадварыг тогтооход чиглэсэн хууль хэрэглэх дасгал (бодлого),  ярилцлага[3]” зэргээр  хязгаарлагддаг байжээ.
Шалгалтанд хэн өндөр оноо авсан нь шүүгч болоход ойртох ёстой байтал бусдаас бага оноо авсан хэрнээ Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүдийг хэн илүү таньдаг нь шүүгч болдог “сонин зарчим” үйлчилж байсны дээр Ерөнхий зөвлөлийн гишүүд[4] нууцаар санал хураалт явуулж, хамгийн олон санал авсан нэр дэвшигчийг шүүгчээр томилуулахаар Ерөнхийлөгчид өргөн мэдүүлдэг нь асуудлыг бүр хүндрүүлж байв.
Иймд хэн шүүгч болох нь Ерөнхий зөвлөлийн хуралдаанаас өмнө тодорчихдог тул гомдсон нэгний “шалгалт нь зүгээр жүжиг, хэнийг шүүгч болгохоо аль эрт тохирчихсон, тэр шалгалтанд авсан дүн нь ч чухал биш[5]” гэх яриа хэвийн үзэгдэл мэт болсон.

Харин 2012 онд батлагдсан Монгол Улсын шүүхийн тухай болон Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулиар “шүүгч сонгон шалгаруулах ажиллагаа”-г хэрхэн зохицуулсаныг тайлбарлъя.
1.  Анхан шатны шүүхийн шүүгчид Үндсэн хуульд заасан “хууль зүйн дээд боловсролтой, гурваас доошгүй жил мэргэжлээрээ ажилласан, хорин таван нас хүрсэн” байх болзолыг хангасан Монгол Улсын иргэн нэрээ дэвшүүлж болно. Харин давж заалдах шатны шүүхийн шүүгчид зөвхөн шүүгч, хяналтын шатны шүүхийн шүүгчид  прокурор, өмгөөлөгч, хуулийн сургуулийн багш, шүүгч тус тус нэрээ дэвшүүлэх эрхтэй.
 Ийнхүү давж заалдах болон хяналтын шатны шүүхийн шүүгчид нэр дэвшигчийг  хязгаарлаж заасан нь олон жилийн их хөдөлмөрийн үр дүнд бий болсон шүүн таслах ажлын туршлага болоод хууль, эрх зүйн мэдлэгийг хүндэтгэсэн, шүүгчид бүрэн олгох олон улсын жишгийг хүлээн зөвшөөрсөн алхам юм. Харин анхан шатны шүүхийн шүүгчид нэр дэвшигчийг хязгаарлалгүйгээр өөрийгөө хуульд заасан болзол, шаардлагыг хангасан гэж үзсэн иргэн нэрээ дэвшүүлж болохоор заасан нь Монгол Улсын өнөөгийн нөхцөл байдалд нийцүүлсэн зохицуулалт гэж хэлж болно.
Учир нь, нийт 4900 орчим мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл авсан хуульчдаас 2400[6] орчим хуульч нь төрийн захиргааны байгууллага, компанийн хуулийн зөвлөх зэрэг ажил эрхэлж байна. Хэрвээ анхан шатны шүүхийн шүүгчид прокурор, өмгөөлөгчөөр ажиллаж байсан хүн нэр дэвших эрхтэй гэвэл дээрх 2400 хуульч нь прокурор, өмгөөлөгчөөр ажиллах шаардлагатай болох ба энэ нь ч боломжгүй зүйл билээ.
2.  Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуульд заасан шүүгчид тавигдах шаардлагыг (1) Шүүгчээр ажиллах мэдлэг, чадвар, (2) Мэргэжлийн ёс зүй, (3) Шүүгчээр ажиллах зан төлөв /judicial temperament/ гэсэн шалгуураар үнэлж дүгнэхээр Шүүгчийг сонгон шалгаруулах журамд[7]  тусгажээ.
Шүүгчээр ажиллах мэдлэг, чадвар: Материаллаг болон процессын хэм хэмжээг үйл баримтад тохируулан сонгож, тайлбарлан хэрэглэх эрх зүйн мэдлэг, туршлагыг эрх зүйн тохиолдол /case study/ шийдвэрлүүлж, Монгол хэлний ярианы болон бичгийн соёл, чадварыг тодорхой сэдэв сонгуулан эссэ бичүүлж, түүнийгээ тайлбарлан илтгэх аргаар, мэдээллийн технологийн хэрэглээний програм ашиглах чадварыг түгээмэл болон шүүхийн хэрэглээний програм дээр даалгавар өгч гүйцэтгэлийг дүгнэх аргаар тус тус шалгана.  
Мэргэжлийн ёс зүй: Мэргэжлийн ёс зүйн төлөвшил, шударга ёсыг эрхэмлэх, бусдын нөлөөнд автахгүй, хараат бус, бие даан шийдвэр гаргах чадвартай байх шаардлагыг асуулгын болон тохиолдол шийдвэрлүүлэх аргаар дүгнэх бөгөөд анхан шатны шүүхийн шүүгчид нэр дэвшигчийн хувьд мэргэжлийн ёс зүйн талаар түүний сурч, ажиллаж байсан 2-оос доошгүй байгууллагын ажилтанаас асуулга авах юм.
Шүүгчээр ажиллах зан төлөв /judicial temperament/: Шүүгчийн өндөр хариуцлагатай ажилд тухайн хүний төрөлх зан төлөв, төлөвшил, хүмүүжил, зуршил, хандлага нь тохирохгүй байх явдал цөөнгүй гардаг. Хүний өөрийн төрөлхийн болон олдмол сэтгэл зүйн хэв шинжийн зарим нь шүүгчийн ажилд харшилна гэдгийг хүлээн зөвшөөрч байгаа бол шүүгчийг сонгон шалгаруулахдаа тухайн хүний шүүхийн сэтгэл зүйн хэв шинжийг шалгах шаардлагатай[8]
Иймээс журамд заасны дагуу нэр дэвшигчийн шүүгчээр ажиллах зан төлөвийг тохиолдол шийдвэрлүүлэх болон ярилцлагын аргаар үнэлж дүгнэнэ.
Түүнчлэн дээрх шалгуур үзүүлэлтээс гадна нэр дэвшигчийн талаар олон нийтээс ирүүлсэн мэдээлэлд үндэслэн гаргасан Шүүхийн мэргэшлийн хорооны  санал дүгнэлт, Хуульчдийн холбоос ирүүлсэн нэр дэвшигчийн “мэргэшил, ур чадвар, нэр хүнд”-ийн талаарх дүгнэлт зэрэг нь дэвшигчид үнэлгээ өгөхөд зайлшгүй харгалзан үзэх ёстой баримт, бичиг юм.
Улмаар нэр дэвшигчдийн шүүгчээр ажиллах мэдлэг, чадвар, мэргэжлийн ёс зүй, шүүгчээр ажиллах зан төлөв /judicial temperament/-ийг дүгнэхэд авсан оноогоор нь эрэмблэн гаргасан нэрсийн жагсаалтаас Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүд илээр санал хураан олонхийн санал авсан хүний нэрийг Ерөнхийлөгчид өргөн мэдүүлнэ.
Энэ тохиолдолд жагсаалтын 1 дүгээрт бичигдсэн хүний нэрийг заавал өргөн мэдүүлнэ гэсэн үг биш, харин жагсаалтаас дурьдсан шалгуур үзүүлэлтүүдийг харгалзан хэнийг сонгох нь Шүүхийн ерөнхий зөвлөлийн бүрэн эрх байх юм. Мэдээж жагсаалтын 10 дугаарт бичигдсэн хүний нэрийг Ерөнхийлөгчид өргөн мэдүүлэхээр санал өгсөн гишүүн нь яагаад 1 дүгээрт бичигдсэн хүнд санал өгөөгүй вэ гэдгээ тайлбарлах шаардлагатай болох бизээ.
Энэхүү санал хураан олонхийн санал авсан хүнийг өргөн мэдүүлэх ажиллагаа “илээр санал хураах” зарчмын үндсэн дээр хэрэгжих болсон нь шүүгч сонгон шалгаруулах ажиллагааны “ил тод” байдлыг хангасан  нэг чухал зохицуулалт бөгөөд нэр дэвшигч нь “Ерөнхий зөвлөлийг гишүүдийг хэн сайн таних билээ, хэнээр яриулах вэ” гэж бодохын оронд “шалгалтанд хэрхэн яаж, өндөр оноо авах вэ” гэж бодох шаардлагатай болсонд “шинэчлэл”-ийн агуулга оршиж байна.

3.  Шүүгч сонгон шалгаруулах ажиллагааны хүрээнд яригдаж ирсэн нэг асуудал бол Ерөнхийлөгч ямар үндэслэлээр шүүгчийг томилохоос татгалзах тухай юм. 
    Шүүгчээр томилохоос татгалзсан үндэслэлээ Ерөнхийлөгч тайлбарлах нь “томилгоонд улс төрийн нөлөө орох бололцоог хаах, субъектив хандлагаас сэргийлэх” сайн талтай боловч энэхүү асуудал нь хуулиар зохицуулагдаагүй, Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн болоод субъектив үнэлэмжийн асуудал  хэвээр үлдэв.
       Журмын дагуу шүүгчид тавигдах шаардлага бүрэн хангагдсан гэж үзэж дэвшүүлсэн хүний нэрийг шүүгчээр томилоход хэн ч хуульд заасан үндэслэлээс гадуур, субьектив хандлагаар хориг саад хийж болохгүй[9]
Эцэст нь “шүүгч хүн анхааралтай сонсож, ухаантай хариулж, зөв дэнсэлж, хараат бус шийдвэр гаргадаг байх ёстой” гэсэн эртний Грек-Ромын үеийн (МЭӨ 469-399) гүн ухаантан Сократын үг одоо болтол хүчинтэйг дахин саная.


[1] Энэ хуулийг 2012 оны 3 дугаар сарын 7-ны өдөр баталсан Шүүхийн тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай хуулиар хүчингүй болгосон
[2] Монгол Улсын Шүүхийн ерөнхий зөвлөлийн тогтоол. 2009.4.22,  дугаар 16  

[3] Монгол Улсын Шүүхийн ерөнхий зөвлөлийн тогтоол. 2006.10.13. дугаар 57 “Монгол Улсын шүүхийн мэргэшлийн хорооны дүрэм”
[4] Ерөнхий зөвлөлийн бүрэлдэхүүнд Улсын Их Хурал,  Ерөнхийлөгчөөс томилсон тус бүр нэг хүн, Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч, хууль зүйн  асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн, Улсын ерөнхий прокурор албан тушаалаараа, Шүүгчдийн зөвлөлөөс сонгосон Улсын дээд шүүх, аймаг, анхан шатны шүүхээс тус бүр хоёр, нийслэлийн шүүхийн нэг шүүгч тус тус ордог байв.
[5] “Монгол Улсад шүүхийн хараат бус байдлыг бэхжүүлэх нь”  Бодлогын тойм судалгаа, Нээлттэй нийгэм форум 55 дахь тал
[6] http://www.legalinfo.mn
[7] Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2013.10.15-ны өдрийн 165 дугаар зарлигаар батлагдсан "Шүүгчийг сонгон шалгаруулах журам батлах журам"
[8] “Монгол Улсад шүүхийн хараат бус байдлыг бэхжүүлэх нь”  Бодлогын тойм судалгаа, Нээлттэй нийгэм форум 52 дахь тал
[9] Монгол Улсад шүүхийн хараат бус байдлыг бэхжүүлэх нь”  Бодлогын тойм судалгаа, Нээлттэй нийгэм форум 52 дахь тал

Wednesday, October 2, 2013

Шүүх, шүүгчийн эдийн засгийн баталгаа, эрх зүйн орчин /товчхон/

Эрх зүйн боловсронгуй зохицуулалт, хуулийн засаглал, хууль хэрэгжих таатай бүтэц, хариуцлагын чанд механизм, шүүгчийн эдийн засгийн баталгаа зэрэг хүчин зүйл нь ШҮҮХИЙН БИЕ ДААСАН, ШҮҮГЧИЙН ХАРААТ БУС БАЙДАЛ-ыг хангах гол нөхцөлүүд юм.
 Шүүх нь бие даасан, шүүгч нь хараат бусаар ажиллах нөхцөл, боломжоор хангагдсан байх нь шударга ёс, хуулийн засаглалыг бэхжүүлэх төдийгүй хүний эрх, эрх чөлөөний тулгуур зарчмуудыг хэрэгжүүлэх үндэс суурь билээ.

Шүүхийн бие даасан, шүүгчийн хараат бус байдлыг хангах дээрх нөхцлүүдээс “шүүгчийн эдийн засгийн баталгаа”-г онцлон дурьдвал:
НҮБ-ын Ерөнхий ассамблэйн “Шүүхийн хараат бус байдлын зарчмууд” 40/32 дугаар тогтоол, 2002 онд Шүүхийн удирдах ажилтаны Гаагын уулзалтаар баталсан “Шүүгчийн ёс зүйн Банголарын зарчим” зэрэг олон тооны бичгүүд нь шүүх, шүүгчийн хараат бус, бие даасан байдлыг хангах эрх зүйн үндсийг бүрдүүлж, түүний эдийн засгийн баталгааг онцгойлон анхаарсан байдаг.
Монгол Улсын 2005 онд нэгдэн орсон Авлигын эсрэг НҮБ-ын конвенцийн 11 дүгээр зүйл “шүүх, прокурорын байгууллагад хамаарах арга хэмжээ” гэсэн хэсэгт “... шүүхийн байгууллагад ажиллагсдын шударга байдлыг бэхжүүлэх, тэдгээрийн дунд авилгалд автагдах боломж бий болохоос урьдчилсан сэргийлэх арга хэмжээ авна” хэмээн зааж, гишүүн орнуудад сахин мөрдөхыг үүрэг болгожээ.
Монгол Улсын Үндсэн хуульд шүүх, шүүгчийн хараат бус, бие даасан, шударга байдлыг тунхаглан, түүний эдийн засгийн баталгааг хангах нь төрийн нэг чухал үүрэг мөн хэмээн “Монгол Улсад шүүх эрх мэдлийг гагцхүү шүүх хэрэгжүүлнэ”, “Шүүх улсын төсвөөс санхүүжинэ. Шүүх үйл ажиллагаагаа явуулах эдийн засгийн баталгааг төр хангана” гэж тус тус заасан.
Энэхүү заалтууд нь шүүх, шүүгчийн хараат бус байдлыг хангах тун чухал зарчим мөн боловч бусад хууль тогтоомжид уг зарчмыг хэрхэн яаж хэрэгжүүлэх талаар нарийвчилан зохицуулалт хийлгүйгээр өдийг хүрсэн нь асуудлыг хүндрүүлсэн байна.
Тухайлбал 2002 онд батлагдсан Шүүхийн тухай хуулинд “Шүүх улсын төсвөөс санхүүжинэ. Шүүх үйл ажиллагаагаа явуулах эдийн засгийн баталгааг төр хангана” гэсэн  Үндсэн хуулийн заалтыг хэрхэн хэрэгжүүлэх тухай нарийвчлан зохицуулахын оронд уг заалтыг шууд хуулбарлан бичсэн байдаг
Түүнчлэн шүүхийн төсвыг хэрхэн батлах, зарцуулалтыг хэрхэн хянах зэрэг асуудлыг нарийвчлан бие даасан байдлаар зохицуулалгүй Төсвийн байгууллагын удирдлага санхүүжилтын тухай хуулиар зохицуулсан нь шүүхийн хараат бус байдалд төдийлөн нийцэхгүй байсан.
Учир нь Төсвийн байгууллагын удирдлага санхүүжилтын тухай хууль нь гүйцэтгэх эрх мэдлийн эрх хэмжээнд багтах төрийн болон нийгмийн үйлчилгээг хүргэдэг байгууллагуудад зориулсан хууль бөгөөд энэ хуулиар Засгийн газар өөрийн нэгж байгууллагуудын үйл ажиллагааг хянаж, гүйцэтгэлийн үр дүнг тооцож байдаг.

Харин 2012 онд батлагдсан Монгол Улсын шүүхийн тухай хуулинд “шүүх  бие даасан төсөвтэй байх бөгөөд Монгол Улсын шүүхийн төсөв нь улсын төсвийн бүрэлдэхүүн хэсэг байна”, “Шүүхийн ерөнхий зөвлөл бүх шатны шүүхийн үйл ажиллагааны болон хөрөнгө оруулалтын төсвийг төлөвлөн Улсын Их Хуралд шууд өргөн мэдүүлнэ” зэргээр заасан нь шүүх, шүүгчийн бие даасан, хараат бус байдлыг эдийн засгийн хувьд бэхжүүлэх эрх зүйн орчинг сайжруулахад чухал үүрэгтэй болсон.

Шүүхийн ерөнхий  зөвлөл, “Шүүгчийн цалин, хангамжийг тогтоох, үндэслэл, шаардлага”


Monday, September 23, 2013

9 жил хуульчийн мэргэжлийн дадлага хийсэн болчихлоо


Монгол Улсын Үндсэн хуулийн 51 дүгээр зүйлийн 3-т заасан “гурваас доошгүй жил хуульч мэргэжлээрээ ажилласан” гэдэгт эрх зүйч мэргэжлээр хууль зүйн дээд боловсрол эзэмшсэн хүн нь “шүүгч, прокурор, өмгөөлөгч тэдгээрийн туслах ажилтан, нарийн бичгийн дарга, төрийн бус байгууллагад бичиг хэргийн эрхлэгч, эрх зүйн мэдээллийн ажилтан” зэрэг ажил, албан тушаал эрхэлж байсан хугацааг оруулан тооцох бөгөөд уг хугацааг тоолохдоо “нийгмийн даатгалын дэвтэр, түүнтэй адилтгах баримт бичиг”-ийг үндэслэдэг байсан[1].
Өөрөөр хэлбэл эрх зүйч мэргэжлээр хууль зүйн дээд боловсрол эзэмшсэн этгээд нь сургууль төгссөнийхөө дараа мэргэжлийн чиглэлийн ажил эрхэлснээр “хуульч мэргэжлээр ажилласан хугацаа” тоологдож эхэлдэг байсан.
        Харин Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1, 11 дүгээр зүйлийн 11.1-д “... хууль зүйн сургуулийг төгсөж, хоёроос доошгүй жил мэргэжлийн дадлага хийсэн ... иргэн хуульчийн шалгалтанд орох эрхтэй” гэж зааснаас үзэхэд хууль зүйн дээд боловсрол эзэмшсэн этгээд нь “дурьдсан ажил, албан тушаалд хоёр жилийн хугацаанд ажиллаж мэргэжлийн дадлага хийх” бөгөөд энэхүү хоёр жилийн хугацаа нь “мэргэжлээрээ ажилласан хугацаанд” тооцогдохгүй, улмаар тухайн этгээд нь мэргэжлийн дадлагын хугацааг дуусгаж, хуульчийн шалгалтанд тэнцэн хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл авснаар “мэргэжлээрээ ажилласан хугацаа” тоологдож эхлэх юм.
      “Хуульч мэргэжлийн нэр хүнд, мэргэжил, ур чадварыг дээшлүүлэх, хариуцлагын тогтолцоог боловсронгуй болгох” зорилгоос үзвэл хуульчийн мэргэжлийн дадлага хийсэн хугацаа, хуульчийн мэргэжлээрээ ажилласан хугацааг ялган тодорхойлж, мэргэжлийн дадлага хийсэн хугацааг мэргэжлээрээ ажилласан хугацаанд оруулан тооцохгүй болж, мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл авсанаар мэргэжлээрээ ажилласан хугацааг тоолж эхлэх нь зөв бөгөөд үүнтэй хэн ч маргахгүй билээ.
          Гэхдээ Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.5-д “Хуульч сонгон шалгаруулах журмын тухай хуульд заасны дагуу мэргэжлээрээ ажилласан хугацааг Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 9.1-д заасан мэргэжлийн дадлага хийсэн хугацаанд оруулан тооцно” гэж заасан нь  зарим хуульч, эрх зүйчдийн “эрх зүйн” байдлыг дордуулж байна.
            Учир нь: Дээрх заалтын дагуу мэргэжлийн чиглэлийн ажил, албан тушаал эрхэлж байсан гэхдээ мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл буюу хуульчийн гэрчилгээ аваагүй эрх зүйчдийн ажилласан хугацаа нь “мэргэжлийн дадлага хийсэн хугацаа” гэж тооцогдох ба 2004 онд хуульчийн гэрчилгээ олгож эхэлснээс хойш өнөөг хүртэл мэргэжлийн чиглэлийн ажил, албан тушаал эрхэлж байсан гэж үзвэл тухайн этгээдийн хувьд 9 жилийн хугацаанд “мэргэжлээрээ ажилласан бус мэргэжлийн дадлага хийсэн” болох юм.
             “Хуульчийн гэрчилгээ” авалгүйгээр мэргэжлийн чиглэлээр ажил, албан тушаал эрхэлж байсан эрх зүйчид нь Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуульд заасны дагуу “мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл” авсанаас хойш дахин гурваас доошгүй жил ажилласны дараа шүүгч, прокурорын[2] албан тушаалд нэр дэвших боломжтой болж байна.
            Мөн Зарим хуульчдын хувьд хуульчийн гэрчилгээ авахаас өмнөх хоёр жилийг мэргэжлийн дадлага хийсэн хугацаанд оруулж тооцсоноор “мэргэжлээрэй гурваас доошгүй жил ажилласан байх” шаардлагыг  хангахгүй болсон.
            Шинээр хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлсэн хуулийн зохицуулалт нь өмнө мөрдөгдөж байсан хуулийн зохицуулалтаас илүү сөрөг үр дагаварыг хуулийн үйлчлэлд хамаарч буй этгээдэд үзүүлж байвал эрх зүйн байдлыг дордуулсан хуулийн зохицуулалт”[3] гэж үзэж болох тул Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.5 дахь заалт нь зарим эрх зүйч, хуульчдийн эрх зүйн байдлыг дордуулсан зохицуулалт юм.
            Үүнээс үзвэл “хуульч мэргэжлийн нэр хүнд, мэргэжил, ур чадварыг дээшлүүлэх, хариуцлагын тогтолцоог боловсронгуй болгох” зорилгоор хуульчийн мэргэжлийн тогтолцоог шинэчлэхдээ “шилжих процесс-завсарын үе”-ийн зохицуулалтыг[4] нарийвчлэн хийгээгүй байна.
            Иймд  Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийг дагаж мөрдөж эхлэхээс өмнө хуульчийн гэрчилгээ авсан хуульчдийн “мэргэжлээрээ ажилласан хугацаа”-нд Хуульч сонгон шалгаруулах тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1-д заасан хугацааг оруулан тооцох, эсхүл Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийг дагаж мөрдөж эхлэхээс өмнө эрх зүйчдийн хуульчийн гэрчилгээ аваагүй шалтгааныг тодруулж, мэргэжлийн чиглэлийн ажил, албан тушаал эрхэлсэн хугацаанаас тодорхой хугацааг мэргэжлээрээ ажилласан хугацаанд оруулан тооцох зэрэг зохицуулалт хийх шаардлагатай байна.
            Хэдийгээр хуульчийн мэргэжлийн тогтолцоог шинэчлэх нь зөв хэдий ч энэхүү үйл ажиллагааг хэрэгжүүлэх шилжилтийн үед тодорхой этгээдийн эрх зүйн байдлыг дордуулсан буюу хууль ёсны ашиг сонирхолыг хөндсөн зохицуулалтыг ашиглах нь “эрх зүй тэгш, шударгаар  үйлчлэх” зарчимд нийцэхгүй байна.














             
           





[1] Улсын Дээд шүүхийн тогтоол  “Шүүхийн тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.3 дахь хэсгийн зарим заалтыг тайлбарлах тухай, 2006.02.20, дугаар 08, Хуульч сонгон шалгаруулах тухай хуулийн 12.1.1

[2] Прокурорын байгууллагын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1 “хуульчийн мэргэжлээр гурваас доошгүй, жил ажилласан, ял шийтгүүлж байгаагүй, хорин гурван нас хүрсэн Монгол Улсын иргэнийг прокуророор томилно
[3] Ойлголтыг тодруулах зорилгоор ишлэл болговол: Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.3Энэ хууль болон бусад хуулиар тогтоосон шүүгчийн эрх зүй, эдийн засаг, нийгмийн хамгаалалт зэрэг хараат бус, халдашгүй байдлын баталгааг ямар нэг хэлбэрээр дордуулсан хууль тогтоомж, захиргааны акт гаргахыг хориглоно
[4] Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хууль